Өөртөө цаг гаргах нь энгийн зүйлээс эхэлдэг

Нийтлэлч: Mongoljingoo.mn
2016.12.14
|
2,440
“Монголжингоо” ын эрхэм уншигч тантай Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэл судлалын магистрант М.Алтанцэцэг долоо хоног бүр хамт байж сонирхосон асуултад хариулан өөрийн туршлага, зөвөлгөөгөө хуваалцахаар боллоо.

Энэ долоо хоногт өөртөө хэрхэн цаг гаргах талаар зөвлөж байна.  

Сүүлийн үеийн эмэгтэйчүүд уг нь ажил, гэр бүл хоёроо хоёуланг нь зохицуулдаг болсон болохоор илүү аз жаргалтай болсон баймаар. Хамгийн гайхмаар нь орчин үеийн бүсгүйчүүд 40 жилийн өмнөх үеийн хүүхнүүдээс аз жаргал багатай байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Чи жаахан хүүхдээ арчилдаг ч бай, өсвөр насны хүүхдээ гэртээ ирэхийг нойроо хасан хүлээдэг ч бай, хөгшин настай ээж ааваа асардаг  ч бай амьдралдаа харамсахгүйн төлөө, илүү утга учиртай өдөр хоногийг өнгөрүүлэхийн төлөө өөртөө цаг гаргах ёстой.

Бид  “зав гарвал” гэдэг үгийг маш их ашигладаг. Тэгээд өөрсдийн “завгүй” байгаагаа гайхан шагшин суудаг. Үнэндээ тэр “ЗАВ” гэгчийг гаргадаг болохоос өөрөө гардаггүй “айхтар эд” шүү дээ. Өөрийгөө хийж байгаа ажил, найзууд болон бусад зүйлсээс үнэтэйд тооц. Тэгж байж зав гаргах хүч чадалтай болно. Өөртөө цаг гаргалаа гээд “муу эхнэр, муу ажилтан, муу ээж” болчихгүй. Харин ч эсрэгээрээ таны амьдрал хөнгөрч та аз жаргалтай байх болно. Та өөрөө аз жаргалтай байснаар бусдад хайраа түгээх, бусдыг аз жаргалтай болгох, ажлаа сайн хийх, үр бүтээлтэй байх боломжтой болно.

Өөртөө цаг гаргаарай гэхээр хаана ямар фитнесс, иога байна, хаашаа, хэнтэй, юунд ...? гэж асуудаг. Үгүйдээ, зүгээр л өдөрт, үгүй юмаа гэхэд 7 хоногт 15-30 минут зарцуулж сур.Чимээгүй орчинд ганцаараа байж, юм бод, унш, бясалгал хий.Өөртөө цаг гаргах  зөвлөмжүүдийг бид хаа сайгүй харж л байдаг. Юм маш энгийн. Гэвч бид үнэндээ хамгийн энгийн зүйлийг хийж чаддаггүй. Бас хамгийн энгийн зүйлийг мэдэхгүй байх нь цөөнгүй. "Гэртээ олуулаа, хүүхдүүдээ хардаг, хаана хэзээ ганцаараа байх вэ?" гэж асуух гэж байна уу? Боломжгүй зүйл гэж үгүй. Хүүхдүүд унтсан хойно, хичээл сургуульдаа явсан хойгуур яаж ийгээд өөртөө цаг зарцуул. Ганц аяга кофе эсвэл шоколадтай сүү, сайхан сүүтэй цай өмнөө тавиад суу. Тэгээд юм бод, өнгөрсөн, одоо, ирээдүйгээ бод, дүгнэ, бас төсөөл. Тэгээд бодож, төсөөлснөө тэмдэглэн бич. Бичих бол хамгийн гайхамшигтай үйлдэл. Бичиж байхдаа та бодно, тунгаана, төсөөлнө, бас дотроо харна, өөртэйгээ ярина. Гайхамшигтай биш гэж үү. Энэ нь стерсст автахгүй байх, эмх цэгцтэй байх, төлөвлөгөөтэй байх, зорилготой байх олон зүйлд таныг сургана. Бас эрүүл зүрх сэтгэлтэй байхад тусална. Бүү шантар. Оролдоод үз.

М.Алтанцэцэг

Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэл судлалын магистрант

Утас: 99101405

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#