Хүүхэд суухаасаа өмнө мөлхөж сурах нь чухал

Нийтлэлч: Нархан
2016.12.16
|
7,541
Дэр, дээлэн дотор хүүхдийн нуруу нумарч, нугарч маш эвгүй байрлалтай болох, нурууны бэхжээгүй мөгөөрс гэмтэх, хэлбэр алдагдах, мэдрэлийн судал дарагдах үгүйдээ л маш их ядарна.

Хүн бол цорын ганц гэж хэлж болох босоогоороо явдаг амьтан. Сээр нуруутай амьтдын дундаас шүү дээ. Гэхдээ ингэж босоо явахын тулд нурууны булчин маш сайн хөгжсөн байх шаардлагатай. Эс бөгөөс түнх, нуруу нугас, мэдрэлийн системд асар хортой гэмтэл учирч болзошгүй байдаг гэнэ. Тэгэхээр хүүхдээ тэврэх зэрэг асрахад цөөн хэдхэн анхаарах зүйл байна. Хамгийн эхлээд хатуу анхааруулах зүйл бол хүүхдээ өөрөө өндийж суугаагүй байхад нь дэр, дээл зэрэг юмсыг түшүүлэн, ороон суулгаж огт болохгүй.  Дэр, дээлэн дотор хүүхдийн нуруу нумарч, нугарч маш эвгүй байрлалтай болох, нурууны бэхжээгүй мөгөөрс гэмтэх, хэлбэр алдагдах, мэдрэлийн судал дарагдах үгүйдээ л маш их ядарна. Бас хүүхдийн өсөлтөнд муу нөлөөтэй. Тэгвэл үүний оронд хүүхдээ мөлхдөг, суудаг, алхдаг болгомоор байгаа бол нурууны булчинг хөгжүүлэх дасгалуудыг тогтмол, бага багаар хийлгэж байх хэрэгтэй.

Бас зөв тэврэх нь маш чухал. Хүүхэд сууж сурахаасаа өмнө мөлхөж сурах ёстой. Учир нь дөрвөн мөч нурууны булчингаас түрүүлж сайн хөгждөг бөгөөд хэвтээ байрлалтай үед нуруу ачаалал бага авдаг байна. Тиймд хүүхэд хөдөлгөөнд ороод эхлэх үед босгож суулгах гэхээсээ илүү чөлөөтэй өнхөрч, мөлхөж болох аюулгүй орчинг бүрдүүлж өгөөрэй. Энэ үед хүүхэд толгойгоо гэдийлгэн өргөдөг, үүнийг хараад эцэг эхчүүд ядарчихна, хүзүү нь хөшчихлөө гэх мэт санаа зовох, эсвэл юм харах гэж хичээж байна гээд суулгахаар оролддог. Хүүхэд томчууд шиг тэвчих энэ тэр гэхээсээ илүү ядарч, тавгүйтвэл тэр дороо л байрлалаа өөрчилж тухтай байрлалд ордог учир санаа зовох хэрэггүй. Тэр толгойгоо өргөдөг болохын тулд хүзүүний дасгал хийж байгаа нь тэр. Нурууны дасгалын тухайд хүүхдээ арагш нь буюу доош нь харуулан гар суганы доор, цээжнээс нь түшиж гэдэс, цээжрүүгээ жийлгэнэ. /Хүүхэд шалтай паралелл ч юмуу 45 градус орчим байна./ Хүүхэд аяндаа өөрөө жийж, нуруугаа чангална. Үүнийг өдөрт цөөн тооноос эхлүүлээд бага багаар ихэсгэж нилээн удаан тийнхүү гэдсэн дээр зогсож чаддаг болно. Мөн хааяа суганаас нь түшиж хөлөөр нь гишгүүлэн цогиулж болно. Гэхдээ биеийнх нь жинг хөл дээр нь ачааллаж болохгүйг анхаараарай.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.