Утааны эсрэг ээжүүдийн тэмцэлд “Монголжингоо.мн” нэгдэж байна

2016.12.19
|
3,949
”Утааны Эсрэг Ээжүүд” холбооноос энэхүү тайван жагсаалыг санаачилж, та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Садангийн бүсгүй арваадхан хоногийн өмнө нярайлж, гэртээ гараад 5 хонож байгаа юм. Гэвч сураг сонсохнээ хорвоотой танилцаад хэдхэн хонож буй бяцхан үр нь ханиад шуухинаа тусаад эмнэлэгт үзүүлэхээр явжээ. Баянзүрх дүүрэг буюу Кино үйлдвэрийн арын гэр хороололд байдаг тэднийхээ тухай энэ мэдээг сонсоод өөрийн эрхгүй энэ утааг, утаатай тэмцэнэ гэж арван жил юу хийсэн нь цаасан дээр үлдсэн дарга нарт хэлэх муу үг олдохгүй бачуурлаа.

 

Бага насны хүүхдүүд томчуудаас хоёр дахин олон удаа амьсгал авах шаардлагатай байдаг учраас тэр хэрээр уушиг нь ачаалалтай байдаг гэсэн үг. 

 

Бага насны хүүхдүүд томчуудаас хоёр дахин олон удаа амьсгал авах шаардлагатай байдаг учраас тэр хэрээр уушиг нь ачаалалтай байдаг гэсэн үг. Харин агаар дахь бохирдол нэмэгдэх тутам тэдний өвчлөх магадлал хэдэн зуун хувиар өсч байдгийг эмч нар сануулсаар байна.

Чинээлэг монголчууд эх нутгийнхаа өвөлд дургүй болоод арван жил болж байна. Тэд болон төр, засгийн томчуул хахир хүйтний цагт утаанаас дайжиж нүүдлийн шувууд шиг халуун орныг зорьдог юм гэнэ лээ.

Харин хумс хуруугаа хуйхлах шахам байж олсон хэдээ татварт цавчуулж цаана нь үлдсэн хэдээрээ орон гэр, үр хүүхдээ тэжээх гэж хоосон нүцгэн яваа эгэл түмэн нь утаан нөмрөгөн дор хоргодож байна. Очих өөр газаргүй болохоор өвдөх нь өвдөж, зовох нь зовж, шударга хөдөлмөрлөж, үнэн мөр хөөснийхөө төлөө шийтгүүлж байгаа эмгэнэлт үнэн энэ.

Олон эцэг, эх утаа гэгч энэ хадны мангаанаас болж бяцхан үрсийнхээ аврал эрсэн нүднээс дальдчин, хэлэх үг, хийх тэмцлээ умартан зүтгэж байна. Нэг л өдөр нар гарах юм шиг, ирэх өвөл утаа цаашилж, агаар наашлах юм шиг сэтгэсээр энгийн олон бид дэндүү их хохирол амсчээ.

Хорвоо ертөнцөд эцэг, эх болж, бяцхан үрсийнхээ жаргалтай инээд, эрүүл амгалан амьдралыг харахаас илүү үнэ цэнэ, аз жаргал, баяр хөөр, эд хөрөнгө гэж байдаггүй. Энэ аз жаргалыг нь хулгайч шиг л гэтэж байгаад “халааслаад” зугтаж буй утаатай нүүр тулж, түүнийг өөгшүүлсэн харалсан дотортой хэнийг ч болтугай үр хүүхдийнхээ төлөө өдөр шөнийг умартан зүтгэж байгаа ээжүүдийн, аавуудын сэтгэлийн хүч өршөөхгүй.

 

Нэг л өдөр нар гарах юм шиг, ирэх өвөл утаа цаашилж, агаар наашлах юм шиг сэтгэсээр энгийн олон бид дэндүү их хохирол амсчээ.

 

Үрт хүн үрээрээ гэдэг. Одоо л дорвитой алхам хийхгүй бол үйлийн үр хэнийг ч тойролгүй олоод л очдогийг төр, засгийн эрхэм хүмүүс нь бүү мартаасай. Таны үр хүүхдүүдээс ялгаагүй бидний бяцхан үрсийн төлөө яг одоо хамгийн оновчтой зөв шийдэл хэрэгтэй байна.

Утааг нэн даруй цэгцэлж, улиг болсон “хулгай”-гаасаа салж, энэ улсын ирээдүй болсон үрсүүдийн төлөө эвтэй байж чадах бүхнээ хийхийг иргэд бид шаардаж байна.

1980-ээд оныхон мэднэ дээ. Хэзээ л цэцэрлэгтээ явдаг байхдаа хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж, эм, тариа болдог байлаа. Хүүхэд шуугисан их өргөөндөө өдөржин тоглосон жаалууд өвдлөө гэж дуулддаггүйсэн. Харин одоо эрдэнэ шиг хайрладаг үрсээ эцэг эхчүүд цэцэрлэг, сургуульд ч явуулахаасаа эмээх боллоо. Үүний оронд гэртээ өөрсдөө үр хүүхдээ хараад суух нь бараг сэтгэл амар байхаар болж.

    “Ikon.mn” сайтын мэдээлснээр өчигдөр оройн 21:00 цагийн байдлаар гэхэд Баянхошуу орчмын нарийн ширхэглэгт тоосонцор "1,796" гэсэн индекс харуулж байлаа. Энэ нь "Монгол Улсын агаарын чанарын стандартаас даруй  36 дахин их байна. Бүх өвчнийг сэдрээж, хүндрүүлж байна. Агаарын бохирдол яалт ч үгүй #1 нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна" гэж Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатар өөрийн фэйсбүүктээ бичжээ. 

Ийм л учраас өнөөдөр Утааны Эсрэг Ээжүүдийн Холбоо байгуулагдсан юм. Тус холбооныхон ирэх даваа гариг буюу энэ сарын 26-нд хүүхдүүдийнхээ төлөө утааны эсрэг жагсаал зохион байгуулахаар болсон байна. 

 

Энэхүү жагсаалыг зохион байгуулагч “Хүндэт эцэг, эхчүүдээ, хүүхдүүдийнхээ төлөө нэгдэж утааны эсрэг жагсая. 2016 оны 12-р сарын 26-ны даваа гарагт 10.00 цагт  Сүхбаатарын талбайд жагсацгаая. Хэдий болтол бяцхан үрстэйгээ хорт утаагаар амьсгалахыг хүлцэнгүйгээр тэвчин дор бүрнээ халаглах билээ. Утаа гамшиг болсноор 15 жил өнгөрөхөд бид нэгдэж нэг удаа тэмцсэн билүү? 

Тиймээс "Утааны Эсрэг Ээжүүд" холбооноос энэхүү тайван жагсаалыг санаачилж, та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Жагсаалд оролцох хүмүүс өөрсдийн үзэл бодол нөхцөл байдлыг илэрхийлэх лоозон самбар лаа зэргээ бэлдэж ирвэл сайн байна. Фэйсбүүк дэх "Утааны Эсрэг Ээжүүд" группт нэгдэн жагсаалтай холбоотой санал бодлоо хуваалцаарай. 

Хорт утаа аюултай хэмжээнээс 15 дахин их болсноор хүүхдүүд маань жилдээ 2-4 удаа уушгины хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек судас руугаа байнга шахуулах нь жирийн амьдралын хэвшил мэт боллоо. Утааны шууд бус нөлөөнөөс үүдэн өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, өнөө маргаашгүй төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж хэчнээн ээж нулимсаа арчихаас өөр зүйл хийж чадалгүй өнгөрсөн бол? 

 

Магадгүй бид дэндүү удаан хүлцэнгүй байснаар улстөрчид утаа арилгах нэрээр улсаас мөнгө завшдаг үйлдлийг нь өөгшүүлсэн. 

 

Эдгээр зовлонг тойрж гараагүй гэр бүл Улаанбаатарт байна уу? 

Магадгүй бид дэндүү удаан хүлцэнгүй байснаар улстөрчид утаа арилгах нэрээр улсаас мөнгө завшдаг үйлдлийг нь өөгшүүлсэн. Тиймээс нэгдэн нийлж эхний эсэргүүцлийн масктай жагсаалыг хамт хийцгээе! Энэхүү постыг олонд хүртэл шэйрлэнэ үү. Жагсаалын талаарх мэдээллийг 88002839 дугаарын утаснаас лавлана уу. Утааны Эсрэг Ээжүүдийн Холбоо" гэжээ. 

Энэхүү жагсаалыг зохион байгуулагчид Засгийн газарт өргөх бичиг барихаар бэлтгэл ажилдаа орсон талаар мэдээлэл байна. Мөн манай сайтын нийтлэлчид жагсаал зохион байгуулагчидтай ярилцлага, мэдээлэл бэлтгэн уншигч бүсгүйчүүд, ээж аавууд, эмээ өвөө нарт цаг тухай бүрт нь хүргэх болно.

Есөн сар хэвлийдээ тээж, дараа нь насан туршдаа энгэртээ, сэтгэлдээ хайрлан өсгөдөг хайртай үрсийнхээ төлөө энэхүү жагсаалд “Монголжингоо.мн” нэгдэж байна. Бид ээж, аавуудын дуу хоолой болж, энхрий бяцхан үрсийнхээ ирээдүйн төлөө тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байна.

 

Энэхүү нийтлэлд http://totobobo.com/ сайтын зургийг ашиглав.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар
#