Варис Дарий-н амьдрал тийм ч дардан байсангүй

Нийтлэлч: Гоо
2017.01.27
|
11,231
Алдрын оргилд хүрнэ гэж төсөөлөөчгүй нэгэн охин, өөрийн орны хатуу ёс заншлыг даган өөрөөс нь хэд дахин үе мултарсан өндөр настай эрийн 4 дэх эхнэр болох гэж байсан ба үүнд дургүйцэн 13 настай охин гэрээсээ зугтан хотын төвд байдаг эмээгээ зорино. Охиноо гэсэн сайхан сэтгэлээр эмээ нь түүнийг Лондон хотруу явуулжээ. Энэ бол Самоли гаралтай алдарт загвар өмсөгч Варис Дарий-н амьдралын эхлэл юм.

Алдарт загвар өмсөгч Варис Дарий-н намтар номоор хийсэн "Цөлийн цэцэг" гэх гайхалтай киног өчигдөр үзлээ. Амьдрал ямар баялаг бас аймшигтай юм бэ? Өөрийн хүслээр бус мөнгө, хатуу ёс заншил гэх зүйлээс хамааран эмэгтэй хүний эрх зөрчигдөж байгаа тухай энэхүү кинонд гардаг. Үзэж суухдаа өөрийн эрхгүй нулимс урсаж байна лээ... Киноны тухай товчхон өгүүлье.

        Лондон хотыг зорьсон Варис Дарий азтай нэгэн тохиолоор Марилин хэмээх худалдагч охинтой танилцдаг. Унтах байр, идэх хоол, нийгмийн харилцаа гээд бүхий л зүйл дээр Марилин түүнд тусалж тэд сайн найзууд болж чаддаг. Найзынхаа ачаар Варис гамбургерийн газар ажилд ордог.  Тухайн үед хамгийн алдартай байсан гэрэл зургачин Теренсе Донаван нь Варис-н гайхалтай төрхийг харан хамтран ажиллахыг хүсч өөрийн нэрийн хуудсаа түүнд орхидог.

        Нэгэн өдөр гэртээ ортол найзыгаа өөр залуутай унтаж байхыг хараад Варис ихэд шүүмжилдэг. Жинхэнэ эмэгтэй хүн нөхрөөсөө өөр хүнтэй хамт байх ёсгүй, засуулаагүй охин хэзээ ч гэрлэж чаддаггүй юм. (Засуулах гэдэг нь эмэгтэй хүүхдийг багад нь хэлүүг нь огтолж аваад бие засах, сарын тэмдэг гадагшлах жижигхэн нүх үлдээн битүүлэн оёж хуримын анхны шөнө нөхөр нь оёог задалдаг заншил юм). Энэ дэлхий дээрх бүх охид засуулдаг гэж бодсон Варисиын бодол буруу байсан гэдгийг Марилин баталдаг.

        Аймшигтай зовиур мэдрэн эмнэлэгт очиж үзүүлтэл эмч нь хэл нэвтрэлцэхийн тулд Самоли улсаас ирсэн сувилагч залууг дуудуулан хэлмэрч хийлгэдэг. Эмч хэлэхдээ маш чанга оёсон тул маш аюултай яаралтай авхуулах шаардлагатай гэж хэлэхэд хэлмэрч залуу " Цагаан арьстанд үзүүлээд хэвтэж байхдаа ичихгүй байна уу? Бидний ёс заншил эдэнд ямар ч хамаагүй. Улс орныг минь гутаагч" гэж хэлсэн. Бүх эмэгтэйчүүд засуулдаггүй гэдгийг ойлгосон Варис өөрөөр амьдрах ёстой гэдгээ ойлгон хагалгаагаар оёог авхуулан Теренсе Донавантай очиж уулздаг. Ингээд л түүний гайхалтай алдрын зам нээгдсэн юм. 

Үүнээс хойших зүйлсийг та бүхэн өөрөө үзэн тархи оюундаа тунгаах нь зүйтэй байх гэж бодож байна. Энэхүү киног үзсний дараах сэтгэгдлээ та бүхэндээ хуваалцъя.

1. Өнөөг хүртэл хүний ёсноос гажууд ёс заншилтай улс орон байдаг. Манай Монгол улс ямар сайхан амар амгалан, хүний эрхийг дээдэлсэн улс бэ? Монгол охид ямар азтай юм бэ? гэж хамгийн түрүүнд бодож суулаа.

2. Ганцхан би гээд урагшилж болохгүй. Хэрвээ чи өндөрлөгт гарсан бол чиний өмнөх үетэй адил хүмүүсд туслах хэрэгтэй.

3. Өөрийн хэлэхийг хүссэн зүйлээ хэлж, хийхийг хүссэн зүйлээ хийх хэрэгтэй. Тэр бүхэн чинь чиний төлөөх сайн сайхан зүйлрүү тэмүүлэх учиртай.

4. Өөртөө хайртай байх хэрэгтэй. Чи бол энэ дэлхий дээрх цорын ганц бүтээл. Хэрвээ Варис өөртөө хайргүй байсан бол гэрээсээ зугтан өнөөдрийн энэ амжилтанд хүрэх байсан болов уу?

5. Чамтай тааралдсан хүн болгоныг хайрлаарай. Тэр хүн амьдралынхаа өнгөрсөн хугацаанд юуг туулж ирснийг бид мэдэхгүй учир хайраар дүүрэн угтаарай. Магадгүй түүнд ганцхан тэврэлт хэрэгтэй байж болох юм.

6. Арьс өнгөөр ялгаварлах гэдэг зүйл хамгийн муухай. Энэ үзэл дээр үед л байдаг байсан болохоос 21-р зуунд ийм зүйл байхаа больсон шүү. Хүн бол хүн. Хүнийг хүйс, арьсны өнгө, гарал угсаагаар нь бус хүн гэдэг үүднээс нь хүлээж авч сураарай охид минь.

Үзэн ядалт, атаа хорсол гээч зүйл байхгүй болоосой. Өнөөдөр хамт байсан хүмүүстэйгээ дахин хэзээ ч таарахгүй байж мэдэх учир ганцхан амьдраад буцахдаа бүх зүйлийг хайраар хэмжиж, бүх зүйлийг хайраар тэтгэж, бүх  хүнд хайрыг түгээж байгаарай. Энэ хорвоо дэлхий дээр бид хайрлах гэж бас хайрлуулах гэж төрсөн юм шүү.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Улаанбаатар