“БИ ӨӨРӨӨРӨӨ ТӨРНӨ” ШОУГ ЭМЯ ДЭМЖЭЭСЭЙ

“Seven” телевиз  жирэмсэн эмэгтэйчүүд, гэр бүлд зориулсан "Би өөрөөрөө төрнө" реалити шоу зохион байгуулж, нэлээд хэдэн дугаарыг үзэгчиддээ хүргээд байна. Энэхүү зорилтот нэвтрүүлэг нь  жирэмсэн эмэгтэйн сар бүрийн онцлог, болзошгүй эрсдэл, бие организмын өөрчлөлт, гарч болох хүндрэлүүд, төрөлтөнд бэлдэх үйл явц гэх мэт сургалт зөвлөгөөг хүргэхэд чиглэжээ.

Нэвтрүүлэгт 18-40 насны 28 долоо хоногтой, 6 жирэмсэн эмэгтэй сонгогдон оролцож байна. Тус нэвтрүүлэг нь долоо хоногт хоёр дугаар цацагдаж байгаа ба нөхрүүд нь идэвхитэй оролцох болсон нь үзэгчдийн талархлыг хүлээгээд байна.

БИ ЭЭЖ БОЛЛОО. ОДОО ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Таны хэвлийд бүрэлдэж байгаа хүүхэд яаж эрүүл саруул бойжиж, хүний хорвоод мэндлэх вэ?. Энэ асуулт хэвлийдээ хүүхэд тээж яваа эмэгтэй бүрт тавигддаг.

Төслийн хүрээнд жирэмсэн болсон үеэс төрөх хүртэлхи хугацааны бүхий л үйл явцад гарах өөрчлөлт, мэргэжлийн эмч нарын зөвлөгөө, мөн хосууд шинэ хүнээ хүн болгохын тулд урагийг хэрхэн зөв бойжуулахаар эрмэлзэж байна вэ гэдгээс эхлээд бүхий л мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байгаагаар энэ төрлийн нэвтрүүлгээс хамгийн өгөөжтэй нь болж, ээж, аав нарын сонгон үзэх дуртай нэвтрүүлгийн тоог нэгээр нэмээд байна.

Учир нь жирэмсэн эмэгтэйчүүд тэр бүр эмнэлэгт хандаад, өдөр бүр эмчтэй уулзаад байж чаддаггүй. Харин одоо хариулт нэхэж байсан тэр бүх зүйлийг “Би өөрөөрөө төрнө” реалити шоунаас авч чадаж байгаа юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ДЭМЖЭЭСЭЙ

Хэд, хэдэн дугаарыг үзээд төрсөн бодол. Хүн амаа өсгөх, эрүүл байлгах, шинэ хүн хүлээж авах асуудал яах аргагүй Эрүүл мэндийн яамтай холбоотой. Гэвч энэ нэвтрүүлэгт тус яам төдийгүй харьяа газруудынх нь оролцоо алга. Чухал сэдвийг хөндсөн энэхүү нэвтрүүлэгт хувийн эмнэлгүүдийн үүрэг оролцоо л хамгийн их жин дарж байна. Дээр нь төслийг санаачлагч багийнхны зүтгэл.

Нийгмийг сайн сайхан зүйлд хөтөлсөн, зөвлөсөн “Би өөрөөрөө төрнө" реалити шоуг төрийн байгууллагууд нь дэмжээд өгвөл эрүүл мэндийн боловсролыг жинхэнэ утгаар нь иргэддээ олгож, Монголчууд олуулаа болох тэр зорилгыг биелүүлэхэд нэмэр болмоор санагдана.

 

Сайн байна уу? Та манай сайтад захидал бичих бол ЭНД ДАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.