Хөх хэрхэн ургадаг вэ, асуулт бүхэнд чинь хариулъя

2017.04.05
|
22,946
Хүн бүхэн энэ орчлонд төрөхдөө ээжийнхээ ангир цагаан уургийг амлан өсч торниж, өнөөдөр ийм гайхалтай нэгэн болж төлөвшсөн байдаг. Тиймээс эмэгтэй хүний хөх бол нөхөн үржихүйн гол эрхтэн бас гоо сайхны нэгэн хэмжүүр билээ.

Хүн бүхэн энэ орчлонд төрөхдөө ээжийнхээ ангир цагаан уургийг амлан өсч торниж, өнөөдөр ийм гайхалтай нэгэн болж төлөвшсөн байдаг. Тиймээс эмэгтэй хүний хөх бол нөхөн үржихүйн гол эрхтэн бас гоо сайхны нэгэн хэмжүүр билээ. Иймд охиддоо зориулан хөхний ургалт, түүнтэй холбоотой асуултуудад мэргэжлийн эмч нарын хариултыг багцлан хүргэе.

Үнэндээ бидэнд хөхний ургалттай холбоотой асар их асуудал гардаг. Зөв зүгээр байсан цээжин дээр гэнэт л хоёр зүйл товойж гарч ирээд, тэр нь өвдөнө, бас үеийн хөвгүүд юу гэж харж байгаа бол гэхээс ичнэ. Ингээд л түм буман асуулт энэ ундарна даа. Юун түрүүнд хэлэхэд, дөнгөж ургаж буй хөхнөөсөө бүү ичээрэй. Энэ бол чамайг сайхан харагдуулахын тулд бас сайн ээж болоход чинь байгалиас өгч буй хамгийн сайхан бэлэг юм шүү.

 

Хөх хэрхэн ургадаг вэ?

Анх хөх ургаж эхлэхдээ чамд аандаа л өөрөө мэдэгдэнэ. Хөхний чинь толгой өвчин орж, цаанаа л нэг эмзэг болоод ирдэг. Энэ чинь л хөх чинь ургаж байгаагийн шинж шүү дээ.

Хөх чинь эмзэглэлтэй, хүрэхэд өвчтэй байгаа бол дотуураа илүү зөөлөн хувцас өмсөхийг санал болгож байна. Ингэхдээ цээживч өмсөх нь илүү зохимжтой.

 

Өвдөж байна уу?

Тийм ээ, хөх ургаж эхлэхдээ өвчин орох нь хэвийн зүйл. Өөрөөр хэлбэл, түүн доторх булчирхайнууд ажлаа эхэлж буйгаа чамд ийнхүү мэдэгдэж байгаа юм шүү дээ. Чи өмнө нь өндөр болохоо мэдэхгүй байхад өвдөг чинь хааяадаа нэг л хачин өвддөг байсан даа. Яг л түүнтэй адил зүйл юм.

Хөхний чинь толгой илүү мэдрэмтгий эмзэг болоод байгаа бол өмсөж байгаа хувцас чинь ширүүдээд байж болох юм. Тиймээс илүү зөөлөн материалтай хувцас сонгоорой. Ихэнхдээ майк, пудволкийг дангаар нь өмсөхөд ийнхүү хөхний толгойг үрж өвчин оруулах гээд байдаг юм шүү. Хөх ургаж эхлэхэд тулгамддаг бас нэг асуудал нь гүйх, хөдлөхөд өвчин орох явдал. Тиймээс өөртөө тохирсон хэмжээтэй хөхний даруулга аваарай. Ингэвэл хөдлөх бүрт чинь хөх чинь өвчин орохгүй, хамгаалагдана гэсэн үг. Заримдаа хөх чинь үнэхээр өвчин орж өвдөөд байвал бүлээн жин (халуун биш шүү) тавиад үзээрэй.

Хөх өөрийн хэмжээндээ хүртэл ургаж гүйцтэлээ ийнхүү өвдсөөр байх болно гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Хөх чинь томрох тусам илүү том хөхний даруулга, илүү том цээживч чамд хэрэг болно. Хувцас сонгохдоо өөрт эвтэйхэн байхаар аваарай.

 

Хоёр өөр байна уу?

Тийм ээ. Энэ бол хэвийн үзэгдэл. Эхлээд нэг нь ургаж байхад нөгөөх нь “нойр”-ноосоо сэрээгүй ч байж мэдэх юм. Магадгүй хэдэн долоо хоногийн дараа дараагийн хөх ургаж эхэлж болно. Хоёр хөх чинь нэг нь нөгөөгөөсөө том, эсвэл жижиг байвал бүү гайхаарай. Энэ бол хэвийн л зүйл. Бидний хоёр чих хүртэл хоорондоо яг адилхан байдаггүй шүү дээ.

 

Хөхний чинь дотор овгор, товгор зүйл байна уу?

Хөх нь ургаж эхэлсэн охидын хөхний дотор овгор товгор зүйлс байх нь элбэг байдаг. Энэ үед зарим охид өөрсдийгөө хөхний хавдартай болчихлоо гэж бодох нь элбэг. Гэхдээ тийм биш шүү, хонгор минь. Учир нь хөх чинь ургаж буй үйл явц явагдсаар л байгаа юм шүү дээ. Хөхний доторх овгор зүйлс хавдар биш. Тэгээд ч өсвөр наснаас өмнө болоод өсвөр насанд хөхний хавдар үүсдэггүй юм. Маш ховор тохиолдолд 30 нас хүрсэн хүмүүсийн дунд байж болох юм. Тэгэхээр хөхний чинь дотор талд байгаа товгор зүйлс бол хөхний чинь  хөгжил юм.

 

Хөх ч бас язардаг

Өсвөр насанд хүний өсөлт маш хурдтай явагддаг аж. Заримдаа арьс маань сунаж амжаагүй байхад бие маань өсч, томрох нь ч бий. Ингэснээр арьс язарч, мөнгөлөг судалнууд гардаг шүү дээ. Тэгвэл энэхүү язралт нь хөхний арьсан дээр ч гарч болно. Тиймээс хөхний арьсаа язрахаас хамгаалъя гэвэл хөхөө ургаж эхлэхтэй зэрэгцээд даруулга зүүж хэвшээрэй.  

 

Эрт, эсвэл орой нь чухал биш

Дөнгөж 8-хан настай охидын хөх ургаж эхлээд байхад 12 нас хэдийнэ хүрсэн чиний хөх сураггүй байна уу. Тэгвэл хөх эрт, эсвэл орой ургах нь хэвийн үзэгдэл бөгөөд тухайн хүний биеийн онцлогоос болдог аж. Эрт хөх нь ургаж буй охидын дунд хурдан ургах учраас том хөхтэй болох хандлагатай байдаг. Гэхдээ хөх нь орой ургаж эхэллээ гээд жижиг хөхтэй болно гэсэн үг биш юм. Хөхний хэмжээ нь чиний нас, ээж, эмээгийн чинь хөхний хэмжээтэй ихээхэн холбоотой байх болно.

Эцэст нь хэлэхэд, хөх хэзээ ургах, хэр том болохыг чи, би, бүр ээж чинь ч биш харин чиний бие өөрөө мэддэг гэдгийг санаж аваарай. Чи бол энэ ертөнц дээрх цорын ганц, дахин давтагдашгүй гайхалтай төгс биетэй цорын ганц эмэгтэй хүн болон өсч томорч байна. Иймд бие махбоддоо итгэ. Түүнийг өөрийнхөөр нь ургуул. Юунд ч бүү санаа зов.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар