Хүртэх ёстой сайхан бүхнийг чинь сануулахыг минь зөвшөөрөөч

2019.05.29
|
3,484
Чи бол эр хүн бүрийн мэлмийг гоо сайхнаараа мялаах гэж төрсөн тэнгэрийн од. Тэд чиний үзэсгэлэнд автаж, ертөнцөд хөл тавьсныхаа учрыг чамаас л олж харах гэж ирсэн гийчид.

И.АНГАР

Хүртэх ёстой сайхан бүхнээ мартчихсан яваа юм биш биз. Тэгвэл түүнийг чинь эргэн сануулахыг минь зөвшөөрөөч.

Чи яруу найрагт гардаг тэр л таашаал, хүртэхүйн гайхамшгийг бүгдийг эдлэх гавьяатай төрсөн. Яруу найрагчдын магтан дуулдаг хайрын бүх л дуу чиний төлөө зориулагдсан гэдгийг мартах ганц хормыг ч өөртөө бүү олго. Бас чи сарны туяаны зөөлөн аялгуун дор хүслээ шивнэн бүжих гэж төрсөн гэдгээ мэдэх үү.

Зөвхөн “Өглөөний мэнд”, “Сайхан амраарай” гэсэн ганцхан зурвас хүлээх гэж биш харин халуун тэврэлт, өглөөг сэрээж, үдшийг үдэх бүлээн үнсэлтийг хүртэх гэж энэ орчлон дээр чи ирснээ мэдэх үү.

Залхуу нь дэндсэн ням гаригийн өглөөг орондоо өглөөний цайгаа уух л гэж угтдаг гэдгээ мэдэх үү. Чи энэ шагналыг хүртэх эрхтэй. Яагаад гэвэл чи гэрийнхээ үнсгэлжин биш харин хатан хаан.

 

Залхуу нь дэндсэн ням гаригийн өглөөг орондоо өглөөний

цайгаа уух л гэж угтдаг гэдгээ мэдэх үү.

 

Чи хайрлуулах гэж төрсөн. Чамайг гэж орчлонд төрсөн тэр эрийн хэзээ ч хариу нэхэхгүй их хайрыг өөртөө шингээж, бардамхнаар алхах юугаар ч үнэлэшгүй их гавъяаны эзэн бол чи.

Чи бол эр хүн бүрийн мэлмийг гоо сайхнаараа мялаах гэж төрсөн тэнгэрийн од. Тэд чиний үзэсгэлэнд автаж, ертөнцөд хөл тавьсныхаа учрыг чамаас л олж харах гэж ирсэн гийчид. Чи залуусын хамгийн сайхан дурсамжийн эзэн байхаар төрсөн гоо охин. Чи хэн нэгэн эрийн бардам сэтгэлийн жигүүр, хэн бүхэнд “Минийх” гэж гайхуулах нандин сайхан эрдэнэс нь байхаар заяагдсан бүсгүй.

Чи бол хэн нэгний шилэн хоргоны цаанаас л харж болох тийм их халдашгүй сайн сайхны билэгдэл, хүршгүй өндрийн хязгаар. Чамд хүрэх гэж хэчнээн тэмүүлэвч чи хэтэрхий өндөрт орших учраас хэн нэгэн зөвхөн чамтай амьдрах юмсан гэсэн насан туршийн мөрөөдлөө өвөрлөсөөр орчлонд насыг барах тийм л үнэлж барагдашгүй сайн сайхан, гоо үзэсгэлэнгийн эгц хавцал нь чи.

Чи бол хэн нэгний хувьд бусдаас бүх хүчээ дайчлан байж булааж авсан эрдэнэ. Чиний төлөө сүүлчийн амьсгалаараа ч хамаагүй дэнчин тавиад чамтай л ханилж байвал орчлонгийн түмэн зовлонг огоорох хэн нэг эрийн хүслийн диваажин нь чи.

Чи бол хэн нэгний хувьд амьдралд хэзээ ч бууж өгөхгүйн төлөө зүтгэх шалтгаан. Чиний л төлөө тэр хэн нэгэн өглөө бүр эртлэн босч, чамайг л өөрийн болгохын төлөө эцсийн зоосоо шавхан чиний зүг хурдалж байгаа.

 

Чи бол хэн нэгний шилэн хоргоны цаанаас л харж болох тийм

их халдашгүй сайн сайхны билэгдэл, хүршгүй өндрийн хязгаар.

 

Чи хэн нэгний үгээрээ хэлээгүй ч нүдээрээ өмнө чинь хивс болгон дэвссэн “Чи чамд хайртай” гэдэг үгний эзэн. Хэзээ ч чамд энэ үгээ хэлж зүрхлэхгүй хэрнээ чамайг л хараад хамаг дотор нь шатаж, хамаг бүхнээрээ чамайг дулаацуулах гэсэн тэр их эрмэлзлийг тээгч эрийн титэм дээр нь байдаг очир алмааз нь чи.

Чи бол хэн нэг хөвгүүний инээх шалтгаан. Орчлонгийн түмэн зовлон түүнийг сөхрүүлэх гэж шууравч, чамайг л хараад амьдралын сайхныг мэдэрдэг болохоор чи хэн нэгний инээх шалтгаан, амьдрах учир утга гэдгээ мэдэх үү.

Зөвхөн чамтай л өтлөх юмсан гэсэн их мөрөөдлөө зүрхэндээ тээсэн эрийн зүрхэн дээр вальс эргэдэг дэгжин хатагтай гэдгээ чи мэдэх үү. Хэзээ ч чамд энэ хүслээ хэлж чадахгүй ч дэргэдүүр чинь хүслээ залгиад алгуурхан холдох тэр эрийн бүх зүйл нь чи гэдгээ гадарладаг уу?

Чи хэн нэгний бүх зүйл, бүх утга учир. Үүнийгээ санаж яваарай.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Нийтлэлийн сэтгэгдэлд Mongoljingoo.mn хариуцлага хүлээхгүй.
Улаанбаатар